Wednesday, October 26, 2011

TOE research friends ба Жаргалан

"T.O.E" research friends. Тиймээ энэ юу гэсэн утгатай вэ? гэжүү
Энэ бол Тогтохцэрэн, Отгончимэг, Энх-Амгалан нарын судлаач найзуудын баг билээ. Оюутны 4 жилийн хугацаанд бидний хийж бүтээсэн, сурсан зүйлүүд маш ихээс гадна бид насан туршын сайхан найзууд болж чадсан юм.

Sunday, June 26, 2011

Дурсамж


2010 оны 5 дугаар сарын нэгэн нарлаг өдөр хожмоо хамт ажиллах ажлын байран дотор бид анх танилцаж билээ. Тэр цагаас хойш удалгүй хамт ажилладаг болсоноор бидний нөхөрлөл эхэлж, олон олон дурсамжтай өдрүүдийг хамт өнгөрүүлж, нэг л мэдэхэд найз нөхөд гэхээсээ илүү ах дүүс шиг болсон байлаа. Тогтохоо маань ажилдаа анх орохын л бусдаас түрүүлж ирж, сүүлд явдаг хөдөлмөрч нэгэн байсан бөгөөд аливаа ажлаас шантардаггүй, чадварлаг дайчин зангаараа миний төдийгүй хамт ажилладаг олон нөхдийнхөө бахархалыг төрүүлдэг байсан юм. Одоо эргээд харахад, ямар ч ажил хийх болоход би чадахгүй байхдаа гэж зүрхшээсэн, би бусдаас илүү их ажиллачихлаа гэж гомдоллосон ганц ч үг хэлж байгаагүй санагдана. Харин ч хийж буй ажлаараа бахархаж, хийснээрээ хөгжинө гэдгийг зарчмаа болгон богинохон хугацаанд олон ажлыг амжуулжээ.

Wednesday, May 11, 2011

Найзын маань редоктарласан ном


Номын тухай
Энэхүү номонд Үндэстэн Дамнасан Корпорацийн санхүүгийн менежментийн тухай бүхэлдээ өгүүлэх зорилт тавьсангүй. Харин дотоодын компаниудад ач холбогдолтой ханш, гадаад валютын болон олон улсын санхүүгийн зах зээл, эрсдлийн удирдлага гэх мэт асуудлуудыг багтаах зорилт тавьсан болно. Учир нь Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр олон улсын санхүүгийн менежментийн ач холбогдол өсөн нэмэгдсээр байдаг хэдий ч жижиг компаниуд болон хувь хөрөнгө оруулагчидаас олон улсын бизнест идэвхитэй оролцох нь нэмэгдсээр байна. Олон улсын санхүүгийн менежмент нь гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын хувьд ч ихээхэн ач холбогдолтой байдаг. Учир нь өрсөлдөгч гадаадын компаниудад нь ханш, хүүгийн хэмжээ, хөдөлмөрийн зардал болон инфляцийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг тандах шаардлага гардаг. Эдийн засгийн иймэрхүү онцлог шинж нь гадаад өрсөлдөгчийнх нь үйлдвэрлэлийн зардал ба үнийн бодлогод нь нөлөөлдөг.

Энэхүү ном нь бодит асуудлыг шийдэхээс илүүтэй олон улсын санхүүгийн суур ойлголтуудыг бодлого кейсээр дамжуулан хүргэх зорилт тавьсан болно. Сэдэв бүрийг кейс, бодлогоор тайлбарлах бөгөөд хэсэг тус бүрийн төгсгөлд бас кейс, бодлого, хариуных нь хамт багтаасан болно.

Tuesday, April 12, 2011

Товч намтар


Найзынхаа товч намтрыг орууллаа.

Monday, April 11, 2011

Өнөөдөр: долоон долоо хоног


Халхын Автай Сайн хаан III Далай лам Содномжамцыг залсан тэр цагаас Монголд бурхны шашин илүү хүчтэй дэлгэрч эхэлжээ. Үүнээс улбаалаад 400 гаруй жилийн турш буддын ёс заншил Монгол түмний аж төрөх ёс, сэтгэлгээнд гүн нөлөөгөө үзүүлсэн байна. Өнөөдөр бид шинийн 15-нд багтааж тухайн жилийн заслаа хийлгэж, ажил үйлсээ ламаар мэргэлүүлэн, үс засуулахдаа хүртэл өдөр судрыг харж арга билгийг эргэцүүлдэг болжээ.

Sunday, April 10, 2011

Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч

Чингис хаан хамтлагийн "Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч" гэдэг дууг мэдэхгүй хүн байхгүй байх. Ялангуяа 25-р суваг телевизийн Танайд хоньё нэвтрүүлгийн төгсгөлд гардаг гэдгээр нь андахгүй болов уу. Өмнө энэ дуу бусад дуунуудын л адил энгийн санагддаг байлаа. Харин саяхан тохиолдоор сонссон чинь чихэнд хоногшим, зүрхэнд хүрсэн сайхан үг аялгуу нь найзтайгаа хамт өнгөрүүлсэн багын явдлууд, дурсамжит мөчүүдийг эргээд аваад ирэх шиг л боллоо. Дууны үг болон mp3-ыг татаж авахаар орууллаа.

Saturday, April 9, 2011

Хамтдаа авхуулсан сүүлчийн зураг

Энэ жилийн цагаан сараар дунд сургуулийн багшийнд очиж золголт хийсэн үеийн зураг. Компьютор дээр маш чухал юм хийж байлаа.

Кино

Хүн мөрөөдлийнхөө бодит биелэлийг киноноос олж хардаг болохоор урлагын энэ төрөлд шимтдэг болов уу. Жирийн нэгэн залуу тэрбум долларын өв залгамжлагч болж, эдгэрэшгүй гэж тооцогдож байсан өвчин илааршиж, дэлхийгээс хэдэн сая гэрлийн зайд орших харийн гаригт хөл тавих гээд төсөөлөхөд ч хэцүү зүйлсийг бид киноноос л мэдэрч чаддаг. Оюун санааны эрх чөлөөнд хүрэх гэсэндээ, орчин үеийн хурдтай амьдралын стрессээ тайлахын тулд Тогтохоо маань кино үзэх дуртай байсан юм. Ялангуяа амьдралын бодит үнэнийг харуулсан, сэтгэл хөдөлгөм сонгодог бүтээлүүдэд татагддаг байсны тэргүүн эгнээнд "A Beautiful Mind" буюу "Төгс оюун ухаан" бичигдэнэ.

Friday, April 8, 2011

Зураг түүх өгүүлнэ

Надаас дэндүү их битгий чирэгдээрэй; Би чамайг үргэлжид зөв чиглэл рүү чинь манлайлж чадахгүй ч байж мэднэ. Намайг хаяж хэт хол бүү түрүүлж яваарай; Би өөрийг чинь хэзээ ч гүйцэхгүй ч байж мэднэ. Надтай мөр зэрэгцэн алхах дотны анд минь байгаач.
Алберт Камус

Tuesday, April 5, 2011

Жаргалан


Одоогоос 13 жилийн өмнө дунд сургуулийн 4-р ангид ордог жилээ анх би найзтайгаа танилцсан юм. Аавынхаа гараас хөтөлсөөр орж ирсэн тэр жаалын ув улаан хацрыг харахад хөдөөнөөс дөнгөж саяхан орж ирсэн болов уу гэж бодогдуулахаар байв. Тэгээд хичээл тарсны дараа харих замд нөгөө хүү чинь замын урд алхаад байхаар нь гүйцэж очоод ярилцаж гарав аа. Хаана амьдардаг, ээж аав нь юу хийдэг, хэзээ энд нүүж ирсэн гээд түм буман асуултаар харилцан цохилт хийсээр эцсийн үр дүнд өдөр хамт харьж байхаар тохирлоо. Тухайн үед нэг зүг рүү ганцаараа явдаг байсан надад энэ нь туйлын том завшаан байв. Энэ өдрөөс эхлэн бид хоёрын насан туршын нөхөрлөл эхэлсэн юм.

Судалгаа 2009

Судалгаа 2010

Monday, April 4, 2011

Монголбанкны зурвас

Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтэст дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан Ч. Тогтохцэрэн нь 2011 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар таалал төгссөнд Монголбанкны удирдлага, хамт олон гүнээ харуусан гашуудаж байна.

Ч. Тогтохцэрэн нь Төв аймгийн Зуунмод хотноо 1989 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн. Төв аймгийн 10 жилийн 1-р дунд сургуулийг 2004 онд, МУИС-ийн Математикийн лицей “ Байгаль-Эх” ахлах сургуулийн математикийн гүнзгий ангийг 2006 онд, МУИС-ийн ЭЗС-ийг Санхүүгийн менежмент мэргэжлээр 2010 онд тус тус дүүргэн, Монголбанкинд 2010 оны 10-р сараас эхлэн ажиллаж байв.

Тэрээр оюутан ахуйдаа судалгааны хэд хэдэн бүтээл туурвиж, оюутны эрдэм шинжилгээний бага хурлуудын 16 удаагийн шагнал, 2008 оны МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн шилдэг оюутан,2009 оны Монгол Улсын шилдэг оюутан, 2010 оны Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт оюутан зэрэг өргөмжлөлийг хүртэж байсан оюунлиг, бүтээлч оюутан байлаа.

Ч. Тогтохцэрэн нь Монголбанкинд ажиллах хугацаанд өөрийн эрхэлсэн ажилдаа авъяас чадвар, боловсрол мэдлэгээ бүрэн дайчлан ажилладаг, туйлын хөдөлмөрч, чадварлаг, ирээдүйтэй залуу боловсон хүчин байсан төдийгүй хамтран зүтгэгч анд нөхөддөө элгэмсүү, нөхөрсөг, хамт олончнэгэн байв.

Түүний хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч, төлөв даруу, нөхөрсөг зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГА, ХАМТ ОЛОН 2011-02-23

Friday, March 18, 2011

Блогийн тухай

Энэхүү блогийг бидний сэтгэл зүрхэнд өөрийн орон зайг тодоос тод үлдээгээд явсан дотны анд Ч.Тогтохцэрэнгийн гэгээн дурсгалд зориулан найзуудынх нь зүгээс нээж байна. Та бүхэн өөрсдийн дурсамж, сэтгэгдэл болон бусад холбоотой материалиа блогт оруулахыг хүсвэл jagi_mb@yahoo.com; ambaga_2@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.