Sunday, June 26, 2011

Дурсамж


2010 оны 5 дугаар сарын нэгэн нарлаг өдөр хожмоо хамт ажиллах ажлын байран дотор бид анх танилцаж билээ. Тэр цагаас хойш удалгүй хамт ажилладаг болсоноор бидний нөхөрлөл эхэлж, олон олон дурсамжтай өдрүүдийг хамт өнгөрүүлж, нэг л мэдэхэд найз нөхөд гэхээсээ илүү ах дүүс шиг болсон байлаа. Тогтохоо маань ажилдаа анх орохын л бусдаас түрүүлж ирж, сүүлд явдаг хөдөлмөрч нэгэн байсан бөгөөд аливаа ажлаас шантардаггүй, чадварлаг дайчин зангаараа миний төдийгүй хамт ажилладаг олон нөхдийнхөө бахархалыг төрүүлдэг байсан юм. Одоо эргээд харахад, ямар ч ажил хийх болоход би чадахгүй байхдаа гэж зүрхшээсэн, би бусдаас илүү их ажиллачихлаа гэж гомдоллосон ганц ч үг хэлж байгаагүй санагдана. Харин ч хийж буй ажлаараа бахархаж, хийснээрээ хөгжинө гэдгийг зарчмаа болгон богинохон хугацаанд олон ажлыг амжуулжээ.

 “Дуудах нэрийг эцэг эх өгдөг ч, дуурсагдах алдраа өөрөө олдог” гэдэг энэ үгийг жинхэнэ утгаар нь харуулж чадсан хүн гэж би боддог.Найзынхаа сайн чанар, гавьяа шагнал, амжилтын тухай хэдэн хуудас бичээд ч барагдахгүй тиймээс өөрийн сэтгэлд тодхон үлдсэн дурсамжуудаасаа хуваалцъя.

Тогтохоо намайг хөгшөөн, андаа гэж дуудна би хариуд нь жаахан юм байж ахаа гэж дуудалдаа, чи .......-ийг эгчээ гэж дууддаг байж гээд л эхлэнэ тэгэхээр заза тэгьеээ ахаа гэж инээгээд үргэлжлүүлдэг байлаа. Бид хоёр өдөр ихэвчлэн цуг хоол иднэ, орой ажил тараад цуг явна, замдаа ажлын тухай ярьж эхлээд сургууль, багш нар, ангийнхан, найзууд, ажлынхан, Монголын эдийн засаг гээд л бүүр сүүлдээ охидуудын тухай яриад сална. Надад таалагдаж байгаа охидуудынхаа тухай ярьж, зургыг нь үзүүлнэ, би эхлээд тэр охин ямар байхаас үл хамааран нэг бол үгүйсгэнэ эсвэл дурламтгай гэж шоолно, нээрээ онцгүй охин байна уу, тэгвэл больдог юм билүү гээд ирэхээр нь гэхдээ ..... юм нь дажгүй юмаа гэж хэлэхээр нүд нь сэргээд л тийм байгаа биз гээд л ирдэг байлаа. Өөр олон олон хөгжилтэй зүйл болдог байлаа, ямар сайндаа л шинэ жилийн өмнө нэг охинтой уулзахаар болоход нь би хамт уулзъя гэж зөндөө цаашлуулж билээ.

Хөгжилтэй зүйлсээс гадна бид бие биенээ сэтгэлээр унасан үед тайвшруулах, алдаа дутагдлаа засах талаар зөвлөх, хааяадаа зэмлэх үе ч байдаг байсан. Тэр болгон дээр эерэгээр хүлээн авч, дүгнэлт хийн хэрэгжүүлж чадах хүн миний бодлоор тийм ч олон биш байх. Бид хоёр нутагруугаа цуг явж амрана, гадагшаа явж сурна гээд л ирээдүйн ажил, амьдралын тухай олон зүйл ярилцдаг, олон ч зүйл дээр санаа нийлдэг байв.
Хүний амьдралын нугачаанд богинохон ч гэсэн нөхөрлөхдөө олон зүйлийг ухааруулж, амжилт, бүтээлээрээ үлгэр жишээ болсон андыгаа үүрд дурсан санах болно...

Цогоо

2 comments:

  1. Daraa urgeljleliig ni bicheed oruulnaa..,

    ReplyDelete
  2. Нөхөрлөл эхэлсэндээ биш, Найзалж яваад яаж дууссандаа...

    ReplyDelete