Thursday, April 16, 2015

"Бид Үүрдийн Найзууд" сайн үйлсийн аяны сэтгэгдэл

Сайн уу бүгдэнд нь амралтын өдрийн мэнд
Юуны өмнө энэхүү сайн үйлсийн аянд урьсан найзууддаа маш их баярлалаа. Өнөөдрийн асрамжийн газар очсон сэтгэгдлээ тэр үйл ажиллагаанд биеээр очиж оролцоогүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан групынхээ найз нартаа зориулаад бичихээр шийдлээ.
Тэр хүүхдүүд үнэхээр хөөрхөн юмаа.
Асрамжийн газар нь 11-р хороололд байрлах хуучний 3 өрөө байрладаг бөгөөд ороход тавчуухан яаж 18 хүүхэд багтаж амьдардаг байна гэмээр санагдаж байлаа. Бас болоогүй тэрхүү байрыг сарын 800 мянгаар түрээслэдэг улсаас сард 823 мянган төгрөг өгдөг ер нь яаж зохицуулдаг юм болоо гэмээр санагдсан. Тэр асрамжийн газрын эгч үнэхээр буянтай, хүүхдэд хайртай сайхан эгч юм. Бид нарыг очиход том өрөөндөө гоё хувцасаа өмссөн хөөрхөн жаахан хүүхдүүд маань бүгд томоотой суусан (хамгийн бага 3 настай сэргэлэн хүүг эс тооцвол хэхэ) хүлээж байлаа. Асрамжийн газрын эгч асрамжийн газрын үйл ажиллагааны талаар ярьж, бидний үйл ажиллагаанд оролцсон бүх хүмүүст талархаснаа илэрхийлсэн. Үүний дараа манайхныг төлөөлж Жаргалан найз маань Энэхүү үйл ажиллагааны нэгтгэлийн гол үндэс нь талийгч найз Тогтохцэрэн юм (гэсэн үг их сэтгэлд хүрсэн шүү) гэж дүү нартаа хэлсэнээр өнөөдрийн үйл ажиллагаа эхэлсэн юм.
Хүүхдүүд маань ямар ч их авьяаслаг бас царайлаг юм. Бидэнд бүжиг, дуу, шүлэг гээд чаддаг бүхий л зүйлүүдээ үзүүлсэн юм. Аан бас уул нь хийл тоглодог 3 хүүхэд байгаа гэсэн даанч хийлээ хөгөлж чадаагүй болохоор тоглох боломжгүй гэсэн юм. Тэр хүүхдүүд маань бас болоогүй зарим нь ятга, ёочин гээд үндэснийхээ хөгжмүүдийг тоглож сурч байгаа гэсэн шүү.  Тэд нар маань үндэсний хөгжмийн хамтлаг бус бүр ассамбель байгуулна гэж ярьдаг гэсэн шүү. Одоо асрамжийн газрын хүүхдүүдийн дундах Яргуй урлагын наадамд бэлдэж байгаа юм байналээ.
Хүүхдүүд маань бүтэн өнчин хэдий ч хүүхдүүдийн маань царайнд гунигласан сэтгэл нэгээхэн ч үгүй харин ч бүгд баясалтай сэтгэл хангалуун байгаа харагдсан.  Бас болоогүй бага насны жаахан дүү нараа  насаар арай том эгч, ах нар нь асарч эрхлүүлж, хувцасыг нь янзалж өгч байгааг хараад үнэхээр хөөрхөн санагдсан. Хүүхдийн сэтгэл гэж цагаахан ариухан юм.
Хүүхдүүд маань тоглолтынхоо төгсгөлд Ээжийн тухай дуу бидэнд дуулж өгсөн юм. Бидний зарим нэг найз нар маань тэсгэлгүй уйлж хүүхдүүдийн сэтгэл ч хөдөлж дуулангаа зарим нь уйлж, дууг дуусах хэсэг хором сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал бож өнгөрсөн.
Үүний дараа манай группынхны бэлдсэн бэлэг, ном, хувцас гээд зүйлсүүдээ гардуулж өгсөнд хүүхдүүд үнэхээр их баярлаж байлаа. Ялангуяа 88 ширхэг номнуудаа өгөхөд хүүхдүүд маань хөөх ямар гоё ном бэ, би энийг уншина, энийг уншиж үзээгүй гээд л зарим нь шууд дэлгэж үзээд л хоорондоо ярилцаад л жаахан дүү нар маань номыг ингэж сонирхож, баярлаж байгааг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.
Асрамжийн газрын эгч маань тэдгээр хүүхдүүдийг бүгдийг нь сургуульд сургадаг бөгөөд бас болоогүй нэг ч хүүхэд хорхойтой шүд байхгүй, аль болох эрүүл мэндэд тустай, кальци амин дэмтэй хоолоор хооллохыг боддог, эрүүл мэндэд нь анхаарал тавьж чаддаг, нэг ч удаа гар хүрч зодож үзээгүй зөвхөн харцаараа хөдөлгөхийг боддог их сайхан зөөлөн эгч байна лээ. Саяхан тэдний 2 жаахан охин зурхний хүнд хагалгаанд орсон бөгөөд нэг нь ар далаа, нөгөөх нь цээжийн хэсгээсээ... (азтай нь Монголд эмчлэгдэх боломжтой юмдаа). Хагалгааны төлбөр гэж нэг нь 700-800 мянга гэж сонсогдсон шүү.
Ийм сайхан үйл ажиллагаанд оролцсондоо миний хувьд их азтай хэрэг юм. Хүнд туслах боломж гарч ирнэ гэдэг өөрөө их буян заяа гэж би боддог . Эцэст нь хэлэхэд үйл ажиллагааг санаачилсан, дэмжсэн бүх хүмүүс, найз нартай маш их баярлалаа. Талийгч найз маань биднийг нэгтгэж ийм сайхан үйл хэргийг эхлүүлэх эхлэлийг тавиулсан сайхан найз нөхөдтэй буянтай хүн юм. Та бүгдийн маань буян заяа дэлгэрэх болтугай!




1 comment: