Monday, April 13, 2015

“Бид Үүрдийн Найзууд” сайн үйлсийн аян

Анд найз Ч.Тогтохцэрэнгийнхээ дурсгалд зориулж зохион байгуулсан сайн үйлсийн аян маань нэг сарын турш үргэлжилсэний эцэст амжилттай болж өндөрлөлөө. Олон арван сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэг, хамтын зүтгэлийн үрээр “Манай Гэр” асрамжийн газрын 18 хүүхдэд инээд хөөр, баяр баясгаланг бид бүгдээрээ бэлэглэж чадлаа. Анх энэ аяныг эхлүүлж байхдаа хэдэн хүн хамрагдах бол, төлөвлөсөн хандиваа цуглуулдаг л байгаа гэсэн айдастай байснаа нуух юун. Гэвч сайн үйл, сайхан сэтгэл гэдэг өөрөө сүүн замтай байдаг болохоор өдөр ирэх бүр оролцох хүмүүсийн тоо хүрээгээ тэлж байсныг харахад үнэхээр бахархамаар байна.

Найзын маань үе үе андууд сайн үйлсийн төлөө нэгдэж, олуулаа байсан цагт юуг ч бүтээж болдог гэдгийг харуулсанд таатай байна. Хэдийгээр бидний найзыг огт танихгүй ч сайн үйлсийн аянд сэтгэлийн болоод эд материал, мөнгөн хандив өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхний хандив бяцхан дүү нарын мэдлэг оюуныг тэлэх уран зохиолын ботиуд, дулаан хувцас, зөөлөн ор хөнжлийн даавуу, хичээлийн хэрэгсэл болж очсоныг дуулгахад таатай байна. Гэхдээ бид тусалсан гэхээсээ илүүтэйгээр, тэдгээр хүүхдүүд бидэнд маш их зүйлийг ойлгуулсныг онцлох хэрэгтэй болов уу. Хариу нэхээгүй тус эзэндээ ямар их сэтгэлийн цэнгэл авчирдаг болохыг, хүүхдийн нүдэнд баяр баясгаланг гэрэлтүүлэх нь өөрөө юутай ч харьцуулашгүй ариун үйл гэдгийг мэдэрлээ.

Энэхүү аяныг анх санаачилж, "Манай Гэр" асрамжийн газартай бидний өмнөөс байнга холбогдож гүүр болж байсан Uyanga Uyanga CH-дээ нийт гишүүдийнхээ өмнөөс баярлалаа. Хэдийгээр далайн цаана алслагдаж, хол газар байгаа ч өдөр шөнийг үл ялган группээ идэвхитэй байлгаж, олон нийтийг шаргуу уриалж байсан Бямбацогт найздаа талархал илэрхийлье. Энэ ажил маань нэг өдөр болоод дууссан ч бэлтгэл ажилд багагүй хүч хөдөлмөр, цаг хугацаа орсон билээ. Зохион байгуулалтын ажилд чин сэтгэлээсээ оролцож, өөрсдийн цаг заваа зарцуулсан Ulziikhutag Su Ulziikhishig ByambabayarKhaliunaa Gantulga Magnai Tsagaandorj Norjmaa Ayurzana Nomin Damdin-нартаа баярлалаа. Арга хэмжээн дээр ирж дүү нартайгаа нэг өдрийг хамт өнгөрөөсөн Bayarmaa Unur-Erdene Uranzaya Battulga Энх-Амгалан Лхагвабаяр-нартаа талархсанаа илэрхийлмээр байна.

Эцэст нь хэлэхэд та бүхний тусламжгүйгээр энэ аян маань ийм амжилттай болохгүй байсан гэдгийг хэлмээр байна. Үүгээр энэхүү сайн үйлсийн аян өндөрлөхгүй бөгөөд цаашид илүү олон зүйлийг хийх урмыг өглөө. Дараа дараагийн ажлуудад та бүхнийг оролцоно байхаа гэдэгт итгэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

No comments:

Post a Comment