Saturday, April 11, 2015

Б.Өлзийхишиг

Одоогоос 7 жилийн өмнө буюу 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сурагчийн ширээнээс боссон цагаасаа хойш удаан уулзаагүй андтайгаа дахин уулзсанаар бидний хэсэг нөхдийн дотно нөхөрлөл эхэлсэн юм. Тэр өдөр "Голомт банкны тэтгэлэгт 100 шилдэг оюутан" арга хэмжээний хүлээн авалт дээр таних хүнгүй уйдаад сууж байтал яг ард “энэ манай 10 жилийн ангийн охин байна, тэтгэлэг авчихаад өөрөө ирээгүй юм байхдаа” гээд 2 залуу ярьж өгч байнаа. Нэг л танил хоолой сонсогдсон тул сонирхоод эргээд хартал сурагч насны минь найз сууж байдаг байгаа. Тэгээд л бид хоёрын дунд яриа өрнөж гарсандаа. Тогтохоо надад "Сайн байна, ёстой сайн байна" гэж урам өгөөд л би хөөрөөд л сууж байсан тэр мөчийг одоо ч санахад сайхан байдаг юм. Эргээд бодоход нилээд удаан уулзаагүй байж байгаад тэнд таарч, зөндөө их юм ярьсан хэрнээ холбоо барих утсаа ч солилцохгүйгээр салчихдаг бид ёстой л гэнэн, хүүхдээрээ байждээ.


Гэхдээ тохиолоор Төрийн ордонд болсон шилдэг оюутнуудын чуулга уулзалт дээр дахин таарсан юм. Тэр үеэс хойш Эдийн засгийн сургуулийн номын сан, тэр бор ширээнүүд дээр олон ч удаа хамт сууж, судалгааны ажил хэрхэн хийх талаар зөвлөгөө авч, их ч зүйлийг заалгасандаа. Харин би тэр бүгдийнх нь хариуд "баярлалаа" гэж олигтойхон хэлж чадаагүйдээ харамсдаг юм. Хэзээ ч, хэнд ч туслахад үргэлж бэлэн, жинхэнэ сэтгэлээрээ хүн байсан шүү анд минь.

Одоо санахад надад урам өгч, зөвлөж байсан үгс нь миний сэтгэлд хамгийн тод үлдэж дээ. Өөр олон сайхан дурсамж байгаа ч "яг нэг юм хоолой дээр тээглэчихээд гарахгүй байгаа юм шиг" бичих гэхээр нэг л эвлэхгүй байнаа. Гэхдээ юм нэгээр дуусахгүй, дараа илүү сайхан дурсамж бичнээ.

Өөр шигээ үнэ цэнэтэй, түшиг тулгуур болох олон сайхан найзууд үлдээгээд өөрөө бурханы оронруу явсан найзаараа үргэлж бахархаж явах болноо.

Тиймээ БИД ҮҮРДИЙН НАЙЗУУД.

Б.Өлзийхишиг

1 comment:

  1. Saihan bichjee. Odoo bodood bhad neeree ch olon saihan nzuud uldeesn baina shuu

    ReplyDelete